Төсөл хөтөлбөр

Тэтгэлэгт оюутнуудаас авсан судалгаа болон удирдлагуудын санал хүсэлтэд үндэслэн ШММС нь үйл ажиллагаагаа оюутнуудын хувь хүний хөгжил болон мэргэжил, карьерт шинэ алхам болох төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийг алхам тутамдаа зорьдог. Жишээлбэл, 2020 оноос хойш тэтгэлэгт оюутнуудын хүсэлтээр “ШММС- Сайн үйлс”-ийг зохион байгуулж эхэлсэн. Мөн 2023 оноос эхлэн төгсөх курсын тэтгэлэгт оюутнууд болон ШММС-ын төгсөгчиддөө зориулан мэргэжлийн салбарын дадлага болон ажлын байранд зуучлах “Mabuchi job fairing and developing program” -ыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

ШММС-САЙН ҮЙЛС

Тэтгэлэгт оюутнуудын санал хүсэлтэд үндэслэн нийт тэтгэлэгт оюутнуудын дунд болон сонирхлын бүлгээр багт хуваан сайн үйлсийн аянуудыг зохион байгуулж байсан. Үүнээс дурдвал,
  • Тэтгэлэгт оюутнууд Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтлийн тасгийн хүүхдийн 1 платыг засаж тохижууллаа.
Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтлийн тасгийн хүүхдийн 1 платыг тэтгэлэгт оюутнууд, Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн хамт олны дэмжлэгтэйгээр засаж тохижууллаа. Үүнд хана, таазыг сэргээн засаж, хөшиг тогтоон бэхэлж, хананд чимэглэл болгон хүүхдийн танин мэдэхүйд зориулан ханын зураг зурж, ном болон тоглоомуудыг хандивлалаа. Төв аймгийн мэс заслын эмч Ганбаяр баярласнаа илэрхийлж “Хөөрхий өвдсөн хүүхдүүд маань энэ гоё өрөөндөө орж ирээд баярлаж, түр ч болов сатаарна даа” хэмээн хэлсэн нь бидний сэтгэлд улам олон сайн дурын ажлууд хийх галыг асааж өгсөн юм.
  • 72-р сургуулийн тоглоомын талбайг засч тохижууллаа.
Тус сургууль нь Чингэлтэй дүүргийн Хайлаастад байрлалтай бөгөөд 1-12 ангийн 2100 гаруй хүүхэд суралцдаг. Бид нийтэд хүртээмжтэй байх тал дээр анхааран сургуулийн гадаад орчныг тохижуулан хүлээлгэж өгөхөөр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Хүүхдийн тоглоомын талбайн зөөлөн резинэн дэвсгэр, хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх тоглоом суурилуулах, настай хүмүүс салхилан амрах амралтын сүүдрэвч барихаар төлөвлөж байна. 
  • 2023 онд тус аяны хүрээнд  Хүүхдийн “Нархан” төвийн хүүхдүүдэд зарим хэрэгцээтэй зүйлсээр тусалсан билээ. Оюутнууд маань ном, зургийн хэрэгсэл, мөнгөн хандив, сангийн зүгээс мөн ном, дэвтэр зэрэг хандивыг өргөсөн. 
Мөнгөн хандивын хүрээнд 506000 төгрөг цугларсан бөгөөд бид төвийн ажилчдаас хэрэгцээтэй зүйлсийг асуусны дагуу дараах байдлаар зарцуулсан: 
  1. Төвийн хүүхдүүд маань гэрт байдаг бөгөөд нийт 10 гэрт цаг хэрэгтэй байгаа учир нэг бүр нь 30000 төгрөгийн үнэтэй хүүхдийн цаг 10 ширхэгийг; 
  2. Хүүхдүүд дундаа тоглох бөмбөг хэрэгтэй учраас нэг бүр 25000 төгрөгийн үнэтэй сагсан бөмбөг 2 ширхэг, гар бөмбөг 2 ширхэг, хөл бөмбөг 2 ширхэг, 8000 төгрөгийн үнэтэй бөмбөг хийлэгч 1 ширхэгийг; 
  3. Хүүхдүүдэд нэг уут нь 8000 төгрөгийн үнэтэй жигнэмэг 6 ширхэгийг авсан. 

MABUCHI JOB FAIRING AND DEVELOPING PROGRAM

Энэхүү төслийн хүрээнд Шинэ Монгол Мабүчи сангийн тэтгэлэгт оюутнуудыг хөгжүүлэх болон чадавхжуулах, тэднийг ажил мэргэжлийн арга зүйн хувьд ментороор хангах, өөрийн мэргэжлийн ажлын байранд танилцах болон мэргэших дадлага хийх боломжийг бүрдүүлэх, оюутнууд их, дээд сургууль, коллежоо төгссөний дараагаар үргэлжлүүлэн суралцах болон мэргэжлийнхээ ажлын байранд ажиллахад зуучлах цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой.