Хамтран ажиллагч байгууллагууд

31 дахь оюутны тэтгэлэг – Хүрээ Ротари клуб
      Хүрээ Ротари клубын гишүүдэд Ж.Галбадрах багш сангийн үйл ажиллагааг танилцуулан, үйл ажиллагаандаа урин оролцуулснаас хамтын ажиллагаа эхлэлтэй. Жил бүр тэтгэлэгт тэнцэж чадаагүй хүүхдүүдээс 31 дэх хүүхдийг клубын гишүүд сонгон Хүрээ ротари клубын нэрэмжит тэтгэлэг олгодог. Өнөөг хүртэл нийт 2 жил суралцах 4 оюутанд тэтгэлэг олгоод байгаа бөгөөд ментороор 2 гишүүн хариуцан ажиллан амжилттайгаар хамтын ажиллагаа үргэлжилж байна.
ЭМОС клуб
      Эмос клуб нь 15 жилийн тэртээ гадаадад суралцаж байсан монгол залуус цахимаар холбогдон, эх нутагтаа байгаа оюутан залуус, дүү нартаа зориулж “Өөрийгөө хөгжүүлье” номыг хамтран гаргаснаар байгуулагджээ. Түүнээс хойш тус клубийнхэн “Мэргэжлээ зөв сонгоход тань”, “Япон хөтөч”, Инамори Казуогийн “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” (орчуулга), Мортимер Адлер нарын “Ном унших ном” (орчуулга) зэрэг номыг уншигчдын хүртээл болгосон бөгөөд сангийн зүгээс номтой уулзалтаар уншигдах номыг голлон Эмос клубын эрхлэн гаргасан номоос сонгон авч уншуулдаг. Монголын хүүхэд залуусын оюуны хөгжил, хүмүүжилд хувь нэмрээ оруулахаар зорин үйл ажиллагаа явуулдаг тус байгууллагатай бид байгуулагдсан цагаасаа хамтран ажиллаж ирсэн.
Монгол дахь Коосэн Технологийн коллежууд /Шинэ Монгол Технологийн коллеж, Монгол Коосэн, ШУТИС-Коосэн/
      Анх 2008 оноос Японд коосэн төгссөн залуучууд санаачилан, Монголд Коосэн технологийн коллеж байгуулахыг дэмжигчдийг нэгтгэн тус төслийг эхлүүлэн, 2014 он гэхэд анхны 3 коосэн сургууль зэрэг байгуулагдсан. “20 настай инженер” гэсэн концепц бүхий 15 настайгаас 5 жилийн хөтөлбөрөөр инженерийн дээд боловсролыг олгодог Япон улсын онцгой “брэнд” тогтолцоо юм. Бид 2019 оноос шинээр нэвтрэн хэрэгжиж байгаа энэхүү тогтолцоо, онцгойлон инженерийн салбарыг дэмжих зорилгоор Монголын Коосэнуудад суралцаж буй 10 оюутанд тусгайлан тэтгэлэг олгодог болсон. Ингээд жилд нийт 41 оюутанд тэтгэлэг олгодог болов.
Экьюти Лаб Холбоо НҮТББ
  Экьюти Лаб нь нийгмийн энтерпрайз буюу төрийн бус байгууллагын статустайгаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хичээлээс гадуурх хувь хүний хөгжлийн хөтөлбөр болон шинэлэг арга хэрэгслүүдээр дамжуулан нийгмийн зорилтот бүлгийн өсвөр насны хүүхэд, залууст өсч дэвжих сэтгэлгээ төлөвшлийг суулгаж, нийгмийн хариуцлагатай, хүчирхэг иргэд, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэхээр ажилладаг ТББ бөгөөд 2021 онд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан Шинэ Монгол-Мабүчи сантай хамтран ажиллаж эхэлсэн.