Шинэ Монгол – Мабүчи Сан үүсгэн байгуулагдсан нь 2015 оны 8 сард Мабүчи олон улсын тэтгэлгийн сан, Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль (ЕБШМС) болон Монгол дахь Мабүчи тэтгэлгийн төгсөгчдийн холбоо (MAMISA)-тай хамтран Шинэ Монгол Мабүчи Санг үүсгэн байгуулсан. Энэхүү тэтгэлэг нь гурван талын харилцан ойлголцол, итгэлцлийн дүнд бий болсон. Монголдоо анхдагч гэж хэлж болох барьцаагүй, хүү шимтгэлгүй эргэн төлөгдөх нөхцөлтэй тэтгэлэг юм. Тэтгэлэгт оюутнууд 2 болон 4 жилийн хугацаанд жил бүр 1500 ам.долларын сургалтын төлбөрийн тэтгэлэг авах бөгөөд оюутан хөгжлийн хөтөлбөрүүдэд хамрагдаж, төсөл хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх боломжтойгоос гадна өөрийн гэсэн ментортой болдгоороо онцлогтой. ШММС-ийн менторууд нь Японы Мабүчи олон улсын тэтгэлгийн сангаас тэтгэлэг авч байсан Шинэ Монгол сургуулийн төгсөгчид бөгөөд хэрхэн амжилттай суралцах, сургуулиа төгсөөд хэрхэн амжилттай ажиллах зэргээр өөрийн туршлагаас хуваалцан зөвлөдөг. Сангийн үйл ажиллагаа өргөжин тэлсээр тэтгэлэгт оюутнууд, төгсөгчдийн санаачлагаар сайн дурын ажлууд, төсөл хөтөлбөрүүд 2020 оноос хэрэгжиж эхэлсэн.