Мабүчи Олон Улсын Тэтгэлгийн Сан

Мабүчи олон улсын тэтгэлгийн санг үүсгэн байгуулагч Мабүчи Такаичи болон Кэничи нар хамтран 1954 онд Мабүчи мотор ХХК-г үүсгэн байгуулж, улмаар тус компанийн захирал, ерөнхийлөгч, хүндэт ерөнхийлөгчийн албыг тус тус хашиж байв. Үүсгэн байгуулагч Мабүчи Такаичи бизнесээр олсон мөнгөө хэрхэн ашиг тустай зарцуулах, ямар байдлаар, хаана хэрэгжүүлэх боломжтой талаар бодсоны дүнд олон улсын тэтгэлэгийн сан үүсгэн байгуулахаар шийджээ. Ийнхүү боловсрол бол хүн төрөлхтний хөгжлийн үндэс хэмээн үзэж оюутан залуусыг эрх тэгш, чанартай боловсрол эзэмшихэд нь дэмжин туслах зорилгоор 2005 онд “Мабүчи олон улсын тэтгэлгийн сан” (Mabuchi International Scholarship Foundation – MISF)-г үүсгэн байгуулсан. Тус сан нь Японы Чиба аймгийн Мацүдо хотноо байрладаг бөгөөд жил бүр Япон улсад суралцаж байгаа Азийн орны 100 гаруй оюутнуудад сургалтын төлбөр, амьдрах зардлын буцалтгүй тэтгэлгийг олгосоор байна. Уг сангаас тэтгэлэг авсан 100 гаруй Монгол оюутан байдаг. Мабүчи Олон Улсын Тэтгэлгийн сангийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор авна уу.

МАБҮЧИ ОЛОН УЛСЫН ТЭТГЭЛГИЙН САНГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

     Боловсрол бол хүн төрөлхтөний хөгжлийн үндэс. Тийм ч учраас хүүхэд залуус боловсролыг адил тэгш хүртээсэй гэж би хүсдэг. Манай Мабүчи олон улсын тэтгэлгийн сан (MISF) нь Азийн орны оюутан залуусыг чанартай боловсрол эзэмшихэд нь дэмжин туслах зорилгоор байгуулагдсан билээ. Үйл ажиллагаа улам өргөжин тэлсээр 2015 оны 8 сард, Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль (ЕБШМС) болон Монгол дахь Мабүчи тэтгэлгийн төгсөгчдийн холбоо (MAMISA)-тай хамтран Шинэ Монгол-Мабүчи Сан (SMMF)-г үүсгэн байгуулав. Шинэ Монгол-Мабүчи Сан нь сурах чин хүсэл эрмэлзэлтэй, тэргүүний шилдэг монгол оюутан залууст сургалтын төлбөрийн хүүгүй зээл олгодог бөгөөд тэд ажил дээр гарсны дараа төлбөрөө эргэн төлөх нөхцөлтэй билээ. Ингэснээр монголын залуус хойч үеийнхээ ивээн тэтгэгч болж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү тэтгэлэгт хамрагдсан оюутан залуус Монгол төдийгүй Ази, дэлхийд танигдсан амжилтын эзэд болохыг чин сэтгэлээс хүсэж байна. Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн хамт олон болон Монгол дахь Мабүчи тэтгэлгийн төгсөгчдийн холбооны гишүүд, тус тэтгэлгийг хүртэж буй оюутан залуус та бүхний цаашдын ажил амьдралд улам их амжилтыг хүсэн ерөөе!

МАБҮЧИ ОЛОН УЛСЫН ТЭТГЭЛГИЙН САНГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ КАМЭИ ШИНЖИ