Эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйл
ШММС нь Монголын дотоодын улсын болон хувийн их дээд сургууль, коллеж-д суралцаж байгаа суралцах чин хүсэл эрмэлзэлтэй оюутныг дэмжих, нэгдэн нийлж улс эх орныхоо төлөө сурсан бүхнээ харамгүй зориулах сэтгэлтэй хамт олныг төлөвшүүлэх зорилготой. Мөн залуусын дунд урам, итгэлцэл уламжлан дамжиж, ирээдүйн монгол залуучууд бие даасан, өөртөө болон бусдад итгэх итгэлтэй, хариуцлагыг багаасаа ухамсарласан иргэд болж төлөвшихөд бага ч болов хувь нэмэр оруулах чин хүслийн дүнд үүсгэн байгуулагдсан. Энэ зорилгын хүрээнд тэтгэлэг авсан оюутан ирээдүйд тэтгэлэг олгогч болон хувирах юм. Энэ нь өнөөдөр Монголын нийгэмд дутагдаад байгаа итгэлцэл, хариуцлага хэмээх ухамсрыг суулгахад тодорхой хэмжээнд тус нэмэр оруулна гэж үздэг.
Тэтгэлгийн сангийн гол зарчим нь “итгэлцэл” юм. Оюутанд өгч буй тэтгэлгээр дамжуулж итгэл, урам өгч цаашид илүү сайн суралцах, нийгэмд амжилттай бие хүн болох хүсэл тэмүүлэл, үүрэг хариуцлагаа ойлгоход нь туслах нь нэн тэргүүний зорилго юм. Түүнчлэн эргэн төлөх нөхцөл нь ямар нэг ашгийн төлөө бус. Харин эхний оюутнуудаас ирэх эргэн төлөлт нь “тэтгэлгийн сан” болон хуримтлагдаж, дараа дараагийн оюутнуудад тэтгэлэг болон очно.
“Эргэн төлөгдөх тэтгэлэг нь нийгэмд хариуцлагатай, бие хүнийг бэлдэх зорилготой”
Мабүчи тэтгэлэг нь хатуу дүрэмтэй гэрээ, бичиг баримт бус дан ганц “ИТГЭЛЦЭЛ” дээр тогтож буйгаараа онцлог.