Менторшип хөтөлбөр

Шинэ Монгол – Мабүчи сангаас Монголд анхлан нэвтрүүлсэн “Менторшип хөтөлбөр” гэдэг нь оюутан нэг бүрийг хичээл сурлага, карьер төлөвлөлт, амьдралын гээд бүхий л талаар зөвлөн чиглүүлэх ах эгчтэй байх систем юм. Менторууд нь Шинэ Монгол – Мабүчи сангийн үйл ажиллагааг дэмжих зорилготой МАМИСА (Монгол дахь Мабүчи тэтгэлгийн төгсөгчдийн холбоо)-н гишүүд бөгөөд тэтгэлэгт оюутныг дааж авснаар хичээл сурлага төдийгүй хувь хүний хөгжлийн зөвлөгөө өгөх үүрэгтэй.
Сан нь тэтгэлэгт оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг өгөөд зогсохгүй хувь хүний хувьд төлөвшүүлэн, хөгжүүлэхэд анхаардаг. Сайн төлөвшсөн хүнийг бэлтгэн, улсын хөгжилд хувь нэмэр оруулах залуусыг бэлдэн гаргахад менторын үүрэг оролцоо их байдаг. Нийгэмдээ олон сайн зүйлийг хийж бүтээх сайн өөрчлөлт хийх гэсэн сэтгэлтэй, мэдлэг боловсрол өндөртэй, зөв төлөвшилтэй хүн нь улсын маань гол нөөц баялаг болдог.  
Ментор нь Японд суралцаж төгссөн Шинэ Монгол сургуулийн төгсөгчид байдгаараа онцлогтой. 1 ментор 2 жил болон 4 жил тэтгэлэг авах хоёр оюутанг дааж авдаг. Ментор ментий байнга холбоотой байх бөгөөд хичээл сурлагад нь анхаарал тавин амжилттай, үр дүнтэй сурахад чиглүүлэн зөвлөх үүрэгтэй байна. Сан нь ментортой нягт холбоотой байж, оюутны талаар мэдээлэл хуваалцан санал бодлыг нь сонсох, хэрхэн үр дүнтэй зөвлөгөө өгөх талаар хамтран ажилладаг. 
Ментор ментий нь сэтгэл санааны хувьд, мөн бусад бүх л зүйл дээр хоорондоо холбоотой байж бие биендээ туслалцаа үзүүлэх боломжийг олгодог. Энэ нь сайн зөвлөгч, сайн багш, сайн найзтай болж байна гэсэн үг юм. Насан туршийн нандин холбоотой номын ахан дүүс болдог нь хамгийн үнэ цэнэтэй.
МЕНТОРУУДЫН СЭТГЭГДЭЛ
  • Хөгжихөө зогсоож болохгүй гэх “Өлсгөлөн зан”-г байнга мэдрүүлдэг. Өөрөөр хэлбэл, номын дүү нартаа том гишгүүр болохын тулд өөрөө хичээх шаардлагатай болсон. Бүх менторуудыгаа, хамтдаа улам хөгжиж чанартай, өндөр гишгүүр болцгооё хэмээн уриалж байна. 
    5-р үеийн ментор Э. Отгонбилэг
  • Хамгийн түрүүнд дүү нартаа өөрийн чадах зүйлээрээ туслаж байгаа нь хамгийн сайхан. Уулзалтаар дамжуулан олон сайхан яриануудыг сонссоноор хувь хүн талаасаа хөгжиж, эрч хүчээр цэнэглэгддэг. Тийм ч учраас аль болох уулзалтууддаа идэвхитэй оролцохыг боддог доо. 
    2-р үеийн ментор П.Номинцэцэг